Мэдээ мэдээлэл
БСШУСЯ, Мобиком корпорациас хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрт цэвэр ус” төслийн нээлт

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа тогтвортой хөгжлийн бодлого, зорилт “Зөв Монгол хүүхэд”, ”Дотуур байрны орчин, үйлчилгээг сайжруулах дунд, урт хугацааны үйл ажиллагааг 2018-2020 онд хөгжүүлэх төлөвлөгөө”, БСШУСЯ-ны “6 настай хүүхдийн амьдрах орчин, тэдний халамж үйлчилгээг сайжруулах” зорилтот бодлогын хүрээнд 121 дүгээр сургуулийн суралцагчдын дотуур байранд амьдарч байгаа суралцагчид шаардлагатай үедээ цэвэршүүлсэн халуун, хүйтэн усаар хангагдах хэрэгцээнд тулгуурлан тус сургуулийн дотуур байрны баг хамт олноос Мобиком корпораци, БСШУСЯ-аас хамтран хэрэгжүүлж байгаа “ХҮҮХЭД БҮРТ ЦЭВЭР УС” төслийн аяны үйл ажиллагааны багт 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр албан бичгээр хүсэлт гаргасан болно.

Тус сургууль СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361 дүгээр гарам дээр байрладаг, нийт хамран сургах тойргийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд 566 суралцагчид хамрагдсан, цаашид суралцагчдын тоо нэмэгдэх магадлал өндөр, дотуур байранд 100 сурагч амьдардаг. 361 дүгээр гарамд ундны усны хатуулаг өндөр, хужир ихтэй улмаас хүүхэд багачууд болон багш ажилтан, хамт олны дунд дотор эрхтний өвчлөлтийг ихэсгэж, гэдэс дүүрэх, шүд цоорох, нүүр гар хуурайших, хоолны шингэц муудах зэргээр хүний биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл өндөр учраас бидэнд хүүхэд бүрийн эрүүл мэндэд ач тустай байх ус цэвэршүүлэгч зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс энэхүү төсөлд хамрагдах хүсэлтийг гаргаж улмаар Мобиком корпораци хамтран ажиллах болсонд тун таатай байна.

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Мобиком корпорациас тус сургууль дээр уг төслийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж Мобиком корпорацийн Ерөнхий захирал ноён Тацуяа Хамада, Мобиком корпорацийн Маркетинг сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны захирал ноён Э.Чинзориг, БСШУСЯ-ны Сургуулийн хоол, хүнсний хангамж, орчны аюулгүй байдлын бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн хатагтай Б.Дуламханд, 121 дүгээр сургуулийн захирал хатагтай Б.Дуламсүрэн нар оролцлоо.

Нээлтийн үеэр Мобиком корпорацийн Нийгмийн хариуцлагын үйл ажиллагааны талаар танилцуулга хийгдэж мөн “Эрүүл цэвэр усны хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Суралцагчдын зүгээс цэвэр усны зүй зохистой хэрэглээний талаар харуулсан гар зургийн уралдаан явагдаж үзэсгэлэн гаргасан бөгөөд мөн тус сургуулийн суралцагчдын урлагийн тоглолт боллоо.

Мобиком корпораци талаас Маркетинг сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны захирал ноён Э.Чинзориг, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын дарга Т.Ням-Очир, 121 дүгээр сургуулийн захирал хатагтай Б.Дуламсүрэн, 5а ангийн суралцагч Анужин нар МҮОН-ийн телевизд ярилцлага өглөө.

Төслийн хүрээнд тус сургуульд нийт ус цэвэршүүлэгч 5 ширхгийг албан ёсоор гардуулан өгч суралцагчдын дотуур байрны 1, 2, 3 дугаар давхар, сургуулийн 1, 3 дугаар давхарт суурилуулан ашиглаж байна.

БСШУСЯ, Мобиком корпорациас хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү “ХҮҮХЭД БҮРТ ЦЭВЭР УС” төслийн үйл ажиллагаа нь тус сургуулийн суралцагчдад болон багш ажилчдад цаашид цэвэршүүлсэн ус тогтмол хэрэглэх нөхцөл бололцоог бий болгосон таатай үйл явдал боллоо.