Мэдээ мэдээлэл
Мөрөөдөлд хүргэгч- Мөрөөдөл баллагч

2019 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд тус сургууль дээр Олон улсын сургуулийн төслийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын  74, 121, 123  дугаар сургуулийн 120 багшийг хамарсан 3 өдрийн сургалт зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү сургалтын хөтөлбөрийг Ази, Африк, Америк, Европ тивийн сурган хүмүүжүүлэгчид, хөтөлбөр боловсруулагчид, зохиогчид, хянан шалгагчид нэгдэн бага болон дунд ангийн суралцагчдын зан чанарыг хөгжүүлж, амьдралын бэрхшээлүүдэд бэлтгэх зайлшгүй хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан байна.

Багшид зориулан явуулсан  сургалт нь бага болон дунд ахлах ангийн суралцагчидтай ажиллах арга зүй, мөн тус тусын онцлогийг өөртөө агуулсан сурах бичиг, гарын авлагатай бөгөөд түүнийг сургалтад хамрагдсан бүх багшид олгосон байна.

Хүүхдийн зан чанарыг хөгжүүлж, амьдралдаа зөв сонголт хийхэд нь туслах сургалтын хөтөлбөртөө: “Бага ангийн сурагчдад суурь хэрэгцээг зөв тавих, хүүхдийг амьдрах ухаанд сургах, шийдвэр гаргах дадал суулгах зэргийг сургалтын үйл ажиллагаанд тусгаж, нас болон чадвараас шалтгаалан хичээлийг олон хэлбэрээр явуулж болох, мөн эцэг эхчүүдийн үүрэг оролцоог хүүхдүүд рүү чиглүүлж өөртөө итгэлтэй, үр бүтээлч хүн болгон төлөвшүүлэхэд хамтран зүтгэх арга зүйг” тусгаж өгсөн.

Өсвөр үеийнхнийг амьдралын алтан боломжуудыг атгаж, аюул саадыг давж сурахад туслах сургалтын хөтөлбөртөө: “Өсвөр үеийн хүүхэд, залуусыг архи, тамхи мансууруулах бодис, эр эмийн харилцаа зэрэг ээдрээтэй асуудлуудад зөв арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн мөрөөдөлдөө хүрэхэд туслах буюу “Мөрөөдөлд хүргэх” зан чанар төлөвшүүлж, мөрөөдлийг нь нураах “Мөрөөдөл нураагч” аюул заналаас зайлсхийж сурахад нь туслах уян хатан байдлыг эрхэмлэсэн насны онцлогт тохирсон арга зүйг” тусгасан байна.